Айдсаас Чөлөөлөгдөх нь

Айдас гэж юу вэ?

Бурханаас эмээх эмээдэс

Ирээдүйнхээ төлөө айх айдас

Бүтэлгүйтэхээс айх айдас

Зовлонгоос айх айдас

Үхлээс айх айдас

Айдсаас чөлөөлөгдөх нь

Айдас хэмээх нууц дайсан хүн бүрийн амьдралын алхам бүрт, бүх он жилүүдэд эзлэн оршдог. Энэ нь баригдашгүй мөн сүйтгэгч бөгөөд бидний бодол санааг хордуулж, дотоод амар тайван байдлыг хулгайлж, амьдрах урам зоригийг хугалан зогсоодог. Мөн биднийг сандарч тэвдсэн, түгшүүртэй, санаа зовсон, тайван бус, сэтгэл хямраасан, хулчгар хүн болгодог. Энэ ямар тааламжгүй, хэрэгцээгүй мэдрэмжүүд вэ!

Бид зөрчилдөөн, бүтэлгүйтэл, өөрчлөлт болон урам хугарахаас айдаг. Зарим хүмүүс өвдөж ядарсны улмаас зовж тарчлахаас айдаг. Мөн зарим нь хайртай хүмүүст нь хор хөнөөлт зүйл тохиолдохоос айдаг. Маш олон хүмүүс үхэл болоод үхлийн дараах өөрсдийн мэдэхгүй зүйлтэй нүүр тулгарахаас айдаг. Харин Христэд итгэгч хүмүүс өөрсдийнх нь аврал баталгаагүй байх эсвэл Бурхан тэдний гэм нүглийг уучлаагүй байх вий гэсэн айдастай явдаг. Хүмүүс зөвхөн үхлээс айгаад зогсохгүй, амьдрахаас хүртэл айх явдал ч байдаг.

Эхийг дэлгэрэнгүй: Айдсаас Чөлөөлөгдөх нь

Айдас нь бидний оюун бодолд маш удаанаар, чимээгүйгээр орж ирдэг тул бид өөрсдөө хөнөөлт нөлөөллийн хохирогч болж байгаагаа ч барагтаа олж мэддэггүй. Үл мэдэгдэх өчүүхэн айдас нь аяга усан дотор дусаасан бэхний нэг жижиг дусал мэт, тэр саван доторхи усны өнгийг тэр чигт нь өөрчилдөгтэй адил юм. Өчүүхэн дусал мэт энэ айдас нь эхлээд усны урсгал шиг, зогсолтгүй үргэлжлэх үедээ бидний сайн сайхан бодлын сувгуудыг хааж, өөр зүг рүү чиглүүлдэг.

Ариун Библид, Элч Паул биднийг ямар бодолтой байхыг ятган, өгүүлэхдээ: “...зөвхөн юу нь үнэн, юу нь шударга, юу нь зөвт, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь бахдалтай байна; хэрэв тэнд аливаа ач тустай болон магтууштай зүйл байвал эдгээр зүйлсийн тухай бодогтун” (Филиппой 4:8) гэжээ.

Амьдрал ээдрээтэй, дэлхий харгис боловч гаднаас ирдэг асуудлууд бидний дотоод амар тайвныг сүйтгэхээс илүүтэй, бид өөрсдөө бий болгодог айдас нь бүхнийг сүйтгэдэг. Хамгийн чухал хэрэгцээтэй зүйлс бидний амьдралд байхгүй үед айдас орж ирдэг. Би мөнгөгүй яанаа, ажилгүй яанаа, өмсчих олигтой хувцас алгаа гэсэн цөхөрсөн харанхуйн бодлууд ирэх төдийд айдас, гутрал орж ирдэг. Бидний зүрх сэтгэл Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн тул Түүнд хандан сэтгэлээ нээгээрэй. Бид Бурханаас холдох үед, амьдралд маань нарийн төвөгтэй асуудлууд үүсч, эмээдэс, айдас хүйдэс дүүрэн болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

Айдас гэж юу вэ?

Айдас бол Бурханы тааллыг олоогүй нэгэний танин мэдэхүйгээс гарч ирдэг сэтгэлийн хөдлөл юм. Анх Адам, Ева хоёр “цэцэрлэгийн голд байрлах жимсний модноос идэж болохгүй” хэмээсэн Бурханы тушаалыг үл даган, Сатаны зөвлөгөөг хүлээн авсан тэр өдөр хамгийн эмгэнэлтэй үйл явдал эхэлсэн. Энэхүү дуулгаваргүй байдлаас болж тэд нүгэл үйлдэж, Бурханы оршихуйгаас нуугдах болов. Бурхан тэднийг дуудахад; Адам,“...би цэцэрлэгт Таны дуу хоолойг сонсоод, би айсан, учир нь би нүцгэн байсан тул; өөрийгөө нуусан” (Эхлэл 3:10) хэмээн хэлжээ.

Энэ цагаас эхлэн айдас биднийг үргэлж дагах болов. Айдсаар дамжуулан Сатан өөрийн ажлаа хийхийг хүсдэг. Тэр зөвхөн харанхуй байдалд л ажилладаг. Тэрээр гэрэлд ажиллаж чаддаггүй, учир нь “Бурхан бол гэрэл, Түүний дотор ямар ч харанхуй гэж үгүй” (1Иохан 1:5). Сатан бидний сул байдлыг мэддэг төдийгүй бидний сул байдалд өөрийн бодлууд болон айдсыг илгээдэг. Тэрээр үнэнийг үгүй хийн, биднийг мэхлэн төөрөгдүүлэхийг эрэн хайж байдаг. Хэрэв бид зүрх сэтгэл болон оюун бодлоо харанхуйд хааж, хадгалсан хэвээр байвал Сатан өөрийн ажил болох цөхрөл ба айдсын хорон муу ажлаа үргэлжлүүлсээр байх болно. Хэрэв бид Сатаныг гэрэлд ил гаргавал, тэрээр ялагдаж, түүний хүч чадал цуцах болно.

Сатан бидний айдсыг бүрэн дүүрэн давуу тал болгон ашигладаг. Боломж бүрт тэрээр өөрийн хүчийг нэмж, хүмүүст өөрийгөө илүү бодит, учир уялдаатай мэт харуулахыг хүсдэг. Бид эрх чөлөөний талаарх бүх итгэл найдвараа алдах үед, бидний зам улам илүү харанхуйгаас харанхуй болж, зүрх сэтгэлийн маань ачаа улам илүү хүндээс хүнд болно. Анхаарагтун! Бурхан бол бүх айдсуудыг үгүй хийх хамгийн агуу хүч билээ. Биднийг мөнхийн галтай там дахь үхлийн шүүлтээс аврах төлөвлөгөө Бурханд байдаг. Түүний агуу хайрын төлөө талархъя, ТЭРБЭЭР Өөрийн цорын ганц хайртай Хүү Есүсийг энэ дэлхий рүү бидний Аврагч болгон илгээсэн юм. Тэрбээр Голготод загалмай дээр золиос болсон үхэл нь бидний нүглийн төлөөс болох Бурханы шүүлтийг Өөрийн биеэр зольсон явдал юм. Бурханы аврал нь бидэнд айдсаас хол байх замыг зааж өгдөг. Тиймээс айдас бол гэм нүглийн үр дагавар бөгөөд Есүс нүглийг ялан дийлсэн нь нүглийн хамт учрах бүх хор холбогдлуудыг үгүй болгосон.

Энэ нь яг л нэгэн бяцхан хүүгийн тухай түүхтэй адил юм. Хүү шөнө харанхуйд ганцаараа алхахаас айж байв, аав нь хүүгийнхээ хажууд алхан ирээд, гараас нь хөтлөхөд, хүүгийн бүх айдас үгүй болжээ. Ийнхүү харанхуй айдсыг дахин эзэмшихээ болив, учир нь хүү аавыгаа хараад, итгэсэн төдийгүй аав нь түүнд санаа тавина гэдгийг тэрээр мэдэж байлаа. Бидэнд айдсаас салж, эрх чөлөөтэй болох түлхүүр жишээ энд байна. Тэр түлхүүр бол бид зөвхөн тэнгэрлэг Эцэгээ маш сайн мэдэх хэрэгтэй. Түүнтэй ганцаарчлан уулзаж ярилцсанаар Түүний хүсэл, Түүний хайр, мөн Түүний биднийг халамжлах зөөлөн харилцаанаас сурах явдал юм. Бид Бурхантай танил болсноор, өөрсдийн амьдралаа бүхэлд нь Түүний гарт аюулгүй байлгахаар итгэн өгдөг билээ. Бид өөрсдийн оюун бодлыг зовоож байгаа асуудлыг мөн амьдралын харууслууд, биднийг цөхрөл рүү аваачиж болзошгүй зүйлсийг Түүнээс даруухнаар лавлан асуугаарай. Бид Түүний царайг хичээнгүйлэн хайж, Түүнд бүр мөсөн бууж өгвөл, бидний хүсэл Түүний хүсэлтэй нэгдэж, Түүнийг итгэлтэйгээр, дуулгавартайгаар дагах болно. “Хайр дотор айдас байдаггүй, харин төгс хайр нь айдсыг хөөн гаргадаг, учир нь айдаст ял шийтгэл байдаг. Айдаг нэгэн нь хайрын дотор төгс бүтээгдээгүй байдаг” (1 Иохан 4:18).

Бурханаас Эмээх Эмээдэс

Бурханы тааллыг олохын тулд Түүнээс эмээн хүндлэх айдас хэрэгтэй. “Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэл юм...” (Дуулал 111:10) Энэ нь хамгийн тохиромжтой хүндэтгэл бөгөөд бидний мэдэрдэг хүндэтгэлтэйгээр эмээх эмээдэс юм. Хэрэв бид Бурханаас эмээдэг бол Түүний агуу байдлыг, Түүний зөвт байдлыг, Түүний шүүлтийг, Түүний хайрыг, Түүний энэрлийг, мөн Түүний мэргэн ухааныг, Түүний мөнх байдлыг тодорхой хэмжээнд харж чадна.

ТЭРБЭЭР бүгдийг мэддэг, бүхнээс илүү хүчтэй, мөн хэзээд мөнхөд оршин байдаг Нэгэн билээ. Энэ дэлхий дээр бидний оршин байгаа амьдрал маань бүхэлдээ Бурханы гарт байдаг бөгөөд Түүний өмнө бүхий л ертанц, дэлхий мөн бид хүртэл Түүний бүтээл нь гэдгийг мэдэх хэрэгтэй. Ийм агуу Бурханыг уурлуулна гэхээс бид эмээхгүй байх гэж үү! Бурханы зөвт байдал нь гэм нүгэл дотроо амьдардаг хүмүүсийг тамын галаар шийтгэдэг гэдгийг мөн л мэдэх хэрэгтэй. “Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараагаар санаатайгаар нүгэл үйлдвэл, тэнд дахин нүглийн төлөө золиос үлдэхгүй, харин дайснуудыг устгах догшин гал болон шүүлтийг айдастайгаар хүлээх болно” (Еврей 10:26-27). Энэхүү мэдлэг нь нүгэл үйлдсэнээр айх айдсыг авчирдаг. Бид Бурханы өмнө гэмшиж, бусдыг уучилж мөн Түүнд дуулгавартай байвал, бид Түүний дотны сайн найз болж, Түүнд үйлчлэх үйлчлэлд маань Бурханлаг эмээдэс, чин үнэнч хайр, үгээр илэрхийлэхийн аргагүй Түүний авралын бэлгэнд талархал өргөхөд урам зориг орж ирдэг. Бидний Түүнээс эмээх эмээдэс нь зүрх сэтгэлд маань айдас төрүүлдэггүй. Харин бид  Түүнийг хайрлах хайр улам илүү гүн гүнзгий болдог. Энэхүү эмээдсийг бид амьдралдаа бүрэн хэрэгжүүлж эхлэх үед, энэхүү цорын ганц зөв эмээдэс нь бусад бүх айдсыг хөөн зайлуулдаг. Яагаад олон хүмүүс өөрсдийнхөө зүрх сэтгэл, оюун ухаан, амьдралынхаа замыг айдсын бараан үүлээр сүүдэртүүлэн, түүндээ ороогдон амьдрахыг хүлээн зөвшөөрдөг вэ? Бурханы зам бол амар тайван болон үнэний зам билээ.

Ариун Библиэс харвал, Галилее нуурын шуургатай давалгаан дээгүүр Есүс алхаж ирээд, элч Петрийг Өөрийнхөө зүг алхаж ирэхийг урин дуудсан жишээ бидэнд байдаг. Петр Эзэнээс хараагаа салгаж, аймшигт давалгааг харах хүртэл, огт айдасгүй усны мандал дээгүүр алхаж байв. Харин Петр айж эхлэх үед, тэрээр живж эхэлсэн юм (Матай 14:24-31). Бид айдсаас чөлөөлөгдөж, оронд нь Бурхан дотор өөртөө итгэх итгэлтэй байдлыг хайж эрэх үед, Түүний Сүнс бидэнтэй намуун дуу хоолойгоор ярих болно. Бид айдсаас илүүгээр Түүнийг зүрх сэтгэлдээ эрэн хайхад, бидний эргэн тойрон дахь шуурга намжиж эхэлдэг. Тиймээс Бурхан бидний ээдрээтэй асуултуудад хариулж, бидний эргэлзээг баталгаагаар сольж, тайвшралаар дүүрэн Өөрийн мутраар бидний гараас атгадаг. Түүний энэрэл нигүүслээр бид айдсаас чөлөөлөгдөж чадна.

Ирээдүйнхээ Төлөө Айх Айдас

Зарим хүмүүсийг ирээдүйн үл мэдэгдэх нууцлаг тохиолдолууд нь тайван бус байдалд оруулдаг. Тэд өглөө бүрийг тааварлашгүй өдрөөр эхлэн угтдаг. Тэдний оюун бодолд өнөөх шаналгаа бий болж, “тэгвэл яах бол, ингэвэл яах бол” гэсэн төсөөллийн, айдсын харанхуй хөндийгөөр уруудах бодол эргэлддэг. “Хий хоосон зүйлд санаа бүү зов, харин бүх зүйлд залбирлаар, талархсан залбиралтайгаар Бурханд өөрийн хүсэлтүүдээ мэдүүлэгтүн” (Филиппой 4:6). Энэ бол нэгэн өдрийг айдасгүйгээр өнгөрүүлэх энгийн алхам юм. Ийнхүү залбираад үз, тэгээд үр дүнг нь хараарай!

Маш олон хүмүүс ирээдүйн талаар айдастай амьдардаг тул тэдэнд амьдралын зүг чиг хомс байдаг. Хаашаа явж байгаагаа мэдэхгүйгээс болоод байнга муу совин татаж  байгаа мэт санагддаг. Энэ бүхнээс салахын тулд тэд ид шидтэн, мэргэ төлөгч рүү явдаг.

Харин Бурхан, бүх хүний ирээдүйн амьдралд юу хүлээж байгааг мэддэг бөгөөд хэрэв тэд өөрсдийн амьдралыг Түүгээр удирдуулбал, тэдний амьдрал зорилгогүй аялал байхаа больж, харин амьдрах зөв замаа олно.

Хэдийгээр хүмүүс үл мэдэгдэх ирээдүйтэй нүүр тулах боловч, Бурхан Өөрт нь итгэсэн хэнд ч болов итгэмжит байна гэдгээ амласан юм. Та үүнд итгэж байна уу? Шуурга хэр ширүүн хатуу байх нь, шөнө хэр харанхуй байх нь, эсвэл уулс нь хэр өндөр байх нь хамаагүй, ТЭРБЭЭР таныг бүхнээс татан гаргана.

Бүтэлгүйтэхээс Айх Айдас

Бидэнд зорилгодоо хүрэх хүсэл байдаг боловч бүтэлгүйтэхээс айдаг. Үүнд: өөрөө бүтэлгүйтэх, гэр бүлээ бүтэлгүй байдалд оруулах, мөн амьдралаа бүхэлд нь бүтэлгүйтэлд унагахаас айдаг. Бид буруу сонголт хийж, буруу төлөвлөгөөгөөр амьдрах амьдралаас айдаг.

Ариун Библиэс харвал Бурхан Иошуад, “Хүчтэй бай, бас зоригтой байгтун; бүү ай, бүү балмагд; учир нь чиний Бурхан Эзэн чамайг хаа ч явсан чамтай хамт байх болно” (Иошуа 1:9) хэмээн тушаажээ.

Эзэний өгөх удирдлагын дор бид амьдралаа даатгах үед, өнгөрсөн бүтэлгүйтлүүд маань бидний амьдралыг төгсгөх эцсийн үе биш болж, харин эсрэгээрээ биднийг амжилтанд хүргэх гишгүүрт шатууд байх боломжтой болдог.

Зовлонгоос Айх Айдас

Хүмүүс бид бие мах бодийн өвчний тухай бодолд боол нь болж, шүүмжлэлд сэтгэлээ шаналгаж, ганцаардал болон уй гашуудлын улмаас маш хүчтэй өвдөх гэх мэт асуудлуудын дунд амьдардаг. Бурхан биднийг бүх зовлонгоос халхлан хамгаалах нь хамгийн чухал биш харин тэдгээр зовлонг давж гарах агуу хүч чадал, энэрлийг дүүрнээр хангаж өгдөг. ТЭРБЭЭР Өөрийн амар тайван болон баталгаатай байдлыг бидний асуудал болох зовлон зүдгүүрийн дунд өгнө хэмээн амласан. “Бурхан бол бидний хоргодох байр ба хүч чадал, зовлон зүдгүүрийн үед үргэлж тусалдаг. Тиймээс бид айхгүй,...” (Дуулал 46:1-2). Хэрэв бид Эзэнд хайртай байвал, Тэрбээр бидний зовлонг ашиг тустай болгон эргүүлдэг. Зовлон бол биднийг юунд ч бэлэн байх хэрэгтэй гэдгийг мэдэх боломж төдийгүй Бурханы хамгаалалтын хүчийг мэдрэх боломж юм. Мөн хүний мөс чанарын гүн гүнзгий болон зүрх сэтгэлийг ойлгох ойлголт болдог. Зовлон гэдэг нь нэг бол биднийг босгон байгуулдаг, нэг бол биднийг сүйтгэн үгүй хийдэг. Тиймд та энэ хоёрын алийг нь өөрийнхөө амьдралд байлгахыг хүсэж байна вэ?

Үхлээс Айх Айдас

Үхлээс айх айдас нь хүн төрөлхтөнд байдаг хамгийн нийтлэг айдас юм. Бүх зүйлд баяртай гэж хэлэх нь хамгийн сэтгэл өвтгөдөг үүрэг даалгавар билээ. Нас ахих тусам “Хэрэв хүн үхвэл, тэрээр дахин амьдрах болов уу?...” (Иов 14:14) гэсэн асуулт анхаарал татаж эхэлдэг. Есүс биднийг үхлийн айдсаас чөлөөлөхийн тулд ирсэн (Еврейчүүд 2:14-15). Есүс бодитоор үхсэн ч үхлийг ялаад амь орсон ба ТЭРБЭЭР бидэнд, “Би амьд учир чи мөн амьд байх болно” (Иохан 14:19) хэмээн амлажээ. Түүнтэй хамт байвал, үхэл нь юу ч үгүй хоосон уруу орох хаалга бус, харин шинэ амьдрал руу орох гэрэлт үүд мөн. “Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг асуудалд бүү оруул; ...Миний Эцэгийн гэрт маш олон орд харшууд бий; ...Би та нарт орон гэрийг бэлдэхээр явна” (Иохан 14:1-2) хэмээн дурдсан энэхүү орон гэр нь Бурханы хүмүүст зориулан бэлтгэгдсэн Мөнхийн Улс юм.

Тиймд та бэлтгэгдсэн үү? Та өөрийн амьдралдаа хийсэн гэм нүглүүдийнхээ төлөө гэмшсэн үү? Гэмшил нь өнгөрсөн гэм нүглийн төлөө харуусах гэмшил ба өнгөрсөн гэмт амьдралаас эргүүлэн авчрах зам юм. Хамгийн сүүлд та хэзээ Эзэнд залбиралтайгаар ирж, өөрийн асар их санаа зоволт болон айдсуудаа даатгасан бэ? Есүс хэлэхдээ, “Хүнд ачаа үүрсэн, зовж зүдэрсэн бүх хүмүүс ээ, Над руу ирэгтүн, Би та нарт амралтыг өгье” (Матай 11:28) хэмээн айлджээ. Ямар гайхамшигтай урилга вэ! Ямар агуу амлалт вэ!

Итгэлтэйгээр, залбиралтайгаар, найдвартайгаар ирэгтүн! Та сэтгэл санааны амар тайвныг хүлээн авах болно.

Ирэгтүн! Тэгвэл та тайван амьдралын аз жаргал, баяр хөөрийг мэдрэх болно. Бурхан таныг Есүс Христэд итгэж, эрх чөлөөөтэй байж, айдсаас салж эрх чөлөөтэй амьдрахыг урьж байна.

Ирэгтүн!

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах

Та дахин төрөх ёстой

Та биднийг дахин төрөхгүй бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй, мөн Тэнгэрийн Улсын хаалга ч хаалттай байна гэдгийг Есүс бидэнд хэлсэн. Тиймээс бид,  ‘найз минь чи дахин төрсөн үү?, цуглааны гишүүн та дахин төрсөн үү?’ хэмээн асуудаг. Хэрэв үгүй бол та алдагдсан нэгэн юм.

Есүс хэлэхдээ: “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье, хүн дахин төрөхгүй л бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй” (Иохан 3:3) гэжээ.

Та: -Дахин төрнө гэж юуг хэлээд байна вэ? хэмээн асууж болох юм. Эхлээд өнөөдөр шинэ төрөлтийн талаар нилээн олон эндүүрэл байдаг тухай ярилцъя. Тухайлбал,  бидний зарим нь баптисм хүртсэн хэдий ч хараахан дахин төрөөгүй байдаг, энэ бол баптисм биш ээ (Үйлс 8:17-24). Энэ нь мөн цуглаанд хамрагдсанаар болдоггүй, зарим нь цуглаан дотор биднийг гэнэдүүлэн шургалсан хүмүүс ч байдаг (Галат 2:4). Мөн ЭЗЭНий ширээнээс идсэнээр ирдэггүй, зарим маань зохисгүйгээр идэж, ууснаас болж буруушаалыг авчирдаг (1 Коринт 11:29). Илүү сайхан амьдрах гэсэн хичээл зүтгэл болон өөрийгөө сайжруулснаар ирэхгүй, “... учир нь олон хүмүүс тэр хаалгаар орохыг хичээх боловч, Би та нарт хэлье: “Тэд чаддаггүй юм” (Лук 13:24). Мөн залбирлаар ирдэггүй, энэ талаар Есүс хэлэхдээ, “...энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэн, амаараа Над руу ойртдог боловч үнэндээ тэдний зүрх сэтгэл нь Надаас хол оршдог”  (Матай 15:8) гэсэн байдаг.

Зарим хүмүүс: -Хэрэв би ядууст өгч, өвчтэй нэгэнийг эргэн очиж, байгаа бүхнээ бусадтай хуваалцаж, өдөр бүр чадах чинээгээрээ сайн байхыг хичээж, хийж чадах бүхнээ хийдэг байвал би эргэлзээгүй дахин төрнө хэмээн ярьдаг.

Эхийг дэлгэрэнгүй: Та дахин төрөх ёстой

(Матай 25:31-46). Гэвч бид хийж гүйцэтгэснээрээ ч дахин төрж яагаад ч чадахгүй юм. “Яагаад гэвэл махан биесийн бодлуудын мөн чанар нь Бурханы эсрэг дайсагнал тул Бурханы хуулинд  захирагддаггүй бөгөөд тэгээд ч боломжгүй юм” (Ром 8:7).

Иймээс бидний зүрх сэтгэл заавал өөрчлөгдсөн байх шаардлагатай. Бурхан эш үзүүлэгч Езекиелээр дамжуулан: “Тэгээд БИ та нарт шинэ зүрхийг мөн шинэ сүнсийг өгөх болно; та нарын махан биеэс чулуун зүрхийг чинь аваад тэгээд та нарт махан зүрхийг өгөх болно” (Езекиел 36:26) хэмээн айлджээ.

Тэгвэл дахин төрөлт гэж юу вэ? Яагаад шинээр төрөх ёстой гээд байна вэ? Иохан 3:6 -д бичигдсэнчлэн: “Махан биеийн төрөлт нь махан бие; харин Сүнсний төрөлт нь сүнс юм” гэсний дагуу та юунаас төрнө, түүгээрээ байна.

Энэ хорвоод шинэ хүн төрөхөд, түүний шинэ амьдрал эхэлдэг. Үүнтэй адил Ариун Сүнс ирэх үед бид дээрээс дахин төрж, энэ ертөнц дээр Христ Есүсийн дотор бидний шинэ амьдрал үүсдэг. Ердийн төрөлттэй адилтгасан энэ дүр бидний амьдралаас хамааралгүйгээр дээрээс мэндлэх шинэ төрөлт бөгөөд үүнийг  Христ Есүс доторх шинэ амьдралын төрөлт гэдэг.

Есүс хэлэхдээ: “...Надад итгэгч хэн ч, хэзээ ч үхэхгүй, харин амьдрах болно...” (Иохан 11:26) хэмээн энэхүү төрөлтийг мөнхөд үргэлжлэх амьдрал гэсэн байдаг. Иймээс шинээр төрөх гэдэг нь бид гэм нүглээ Есүсийн өмнө гэмшиж, Түүний уучлалыг итгэлтэйгээр хүлээн авах үед ирдэг бөгөөд зүрх сэтгэлийн өөрчлөлт, шинэчлэгдсэн амьдрал, ЭЗЭНд үйлчлэх үйлчлэл зэргээс бүрдэнэ.

“Удаан байна гэх зарим хүмүүс шиг ЭЗЭН амлалтандаа хойрго байдаггүй; харин ч хэн нэгнийг үхүүлэхийг хүсдэггүй тул бүгдийг гэмшилд ирүүлэхийн тулд, ТЭРБЭЭР биднийг удаан тэвчдэг юм” (2 Петр 3:9).

Бид хэзээ дахин төрж болох вэ? Бурхан Ариун Сүнсээр дамжуулан хэлэхдээ: “...өнөөдөр та нар Түүний дуу хоолойг сонсож байгаа бол ...” (Еврей 3:7) гэжээ.

Энэ нь хэрэв та Бурханы дууг сонсоод, хариулах аваас хэн, хэзээ, хаана, хэдэн настай байсан ч хамаарахгүйгээр Бурхан руу ирж, Түүний Сүнсний тусламжтайгаар дахин төрөх болно. Ингэснээр бид Түүний хүүхдүүд нь бас өв залгамжлагчид, Христийн хамтран залгамжлагчид нь болдог (Ром 8:14-17).

Би үүнийг хэзээ, хэрхэн хүлээн авах вэ? Бурхан таны зүрх сэтгэлийн чин үнэнч байдлыг харахын зэрэгцээ Есүс Христэд итгэсэн таны зүрх сэтгэлээс гарах тунхаглалын үгийг сонсохыг хүсдэг (Ром 10:9-11).

ТЭРБЭЭР тан руу Ариун Сүнсний хүч чадлаар ирж, таны дотор зөв сүнсийг бүтээдэг (Дуулал 51:10). Иймд та Түүнд итгэсэн итгэлээр Христ Есүс дотор дахин төрж шинэ бүтээл болдог (2Коринт 5:17).

Шинэ төрөлт хүртэл өсөхөд, надад хэр их хугацаа хэрэгтэй вэ? Бид Бурханы Хаанчлалд төрөөд, Түүний хүүхдүүд болон өв залгамжлагчид нь болсон л бол, энэ үнэндээ хэрэггүй, эрхэм уншигч минь.

Бид бүхий л зүрх сэтгэлээр дөлгөөн даруу болж, Есүсийн өршөөл ба энэрэл рүү ирэхэд л энэ төрөлт нь тэр агшинд явагдах боломжтой.

Эцэст нь: Би шинээр төрсөн болон Ариун Сүнсийг хүлээн авсанаа хэрхэн мэдэж болох вэ?

Элч Павел,  Ром 8:9-д заахдаа: “...Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй  бол тэрээр Түүнийх биш юм” гэж хэлжээ. Библи бидэнд алдагдсан хүмүүс нь нүгэлдээ үхэж, буруушаагдан, дотоод сэтгэл нь ёрын муу зүйлээр дүүрэн байдаг талаар заасан байдаг. Тиймд “тэд дэлхий дээр Бурхангүй, дуулгаваргүй, найдваргүй, махан биеийн хүсэл, түүний бодол санаагаар амьдардаг” гэжээ.

Харин дахин төрсөн Христитгэгч нь Бурханы хүүхэд, Христ дотор амьд, аврагдсан, буруутгалгүй, сайхан сэтгэлтэй зөвт хүн болж ирдэг. Энэ хүн сүнслэг бодол санаатай, Ариун Сүнс болон итгэлээр дүүрэн, мөнх амьдралын төлөө найдвартай амьдардаг. Түүний гэм нүгэл Есүсийн цусаар халхлагдаж, бидний ойлголтоос ч илүү зүрх сэтгэл нь Бурханы хайр, амар тайванаар дүүрэн байдаг. Түүнд ЭЗЭНий хүслийг гүйцэлдүүлэх чин хүсэл, хүч чадал, хайр байдаг.

Тиймээс ч тэрээр тэнгэрийн улсад очоод амьдрах ЭЗЭНий амалсан орон байрыг, үхлийн булшнаас илүү  үзэж, итгэл болон найдвар дотор тэвчээртэй хүсэн хүлээдэг байна. “ Та нарт орон байр бэлдэхээр явах үедээ, Би хаана байна, та бүгдийг тэнд байлгахын тулд Би дахин ирж, та нарыг Өөртөө авах болно” (Иохан 14:3).

Тийм учраас бид асууж байна: Хэн нэгэн дахин төрөлтийн талаарх ойлголтгүйгээр хуучин байдлаа эвдэж чадах боломжтой юу? Энэ нь маш эргэлзээтэй. Учир нь Ром 8:16-д хэлэхдээ: “...энэхүү Сүнс нь бидний зүрх сэтгэлд, бид бол Бурханы хүүхдүүд гэдгийг гэрчилдэг” гэсэн байдаг.

Иймд эрхэм уншигч та өөрийн зүрх сэтгэлдээ жинхэнэ амартайван, баяр баясгаланг мэдрээгүй бол, та бүү зогсонги байдал дотор байгаарай. Учир нь та өөрийн зүрх сэтгэлийг Бурханаар удирдуулахыг үл хүссэн, мөн Түүнийг үл тоомсорлосон хэрэг болно шүү!

Тиймээс ТА ДЭЭРЭЭС ДАХИН ТӨРӨХ ЁСТОЙ.

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах

Сонсооч, Хэн таныг дуудаж байна вэ?

The listening lamb

Иоханы Сайн Мэдээ ном 10:1-8

Сонсоорой, та хичээнгүйлэн сонсоорой, таныг хэзээ нэгэн цагт, хаа нэгэнтээгээс, хэн нэгэний дуу хоолой, хаанаас ирж байгаа нь мэдэхгүй хэрнээ таныг нэрээр тань дуудахыг сонсож байсан уу? Эсвэл эргэн тойрны шуугиан ихтэй газраас таныг чангаар дуудахыг сонссон ч байж болох юм.

Сонсооч, тэр дуу хоолой нь: Та хэн бэ? Таныг хэн гэдэг вэ? Та хаанаас ирсэн бэ? Та хаана амьдардаг вэ? Та хаашаа явж байна вэ? хэмээн дуудаж байна.

ЗӨВХӨН ТАНЫГ!

Эхийг дэлгэрэнгүй: Сонсооч, Хэн таныг дуудаж байна вэ?

Мэдээж, та төрсөн нутгийнхаа нэрийг мэднэ. Магадгүй та хэзээ ч төрсөн нутгаасаа өөр газар очиж, амьдарч үзээгүй байж болно. Гэвч таны төрсөн газар чинь улс орны  маань нэгээхэн хэсэг болж, харин улс орон маань энэ дэлхийн томоохон хэсэг болдгийг та мэдэх байхаа.

Библи

Дэлхий нь ойролцоогоор 6000 жилийн өмнөөс Бурханаар бүтээгджээ. Бурханд  нэгэн ном байдаг бөгөөд түүнийг Библи хэмээн нэрлэжээ. Бурхан тэрхүү номонд дэлхийг болон хамгийн анхны эрэгтэй, анхны эмэгтэй хүмүүс хэрхэн бүтээгдсэн талаар өгүүлсэн байдаг. Бурхан хүнийг Өөрийн дүр төрхтөй адил бүтээсэн юм. Харамсалтай нь хүмүүс Бурханы заасан замаар явалгүй адлаа гаргаж нүгэлд унав. Энэ цагаас эхлэн үр хүүхдүүд төрцгөөж, хүмүүс үхэцгээдэг болов. Тэд мянга, мянгаараа төрж, үхэцгээдэг болжээ.

Та өөрийн эцэг, эхээс төрсөн. Гэвч үнэндээ таныг жинхэнэ амьд Бурхан бүтээсэн юм. ТЭР бол бүгдийг бүтээсэн. Та хэзээ нэгэн цагт, Бурхан энэ бүгдийг яаж ийм гайхамшигтай бүтээсэн юм бол, ТЭРБЭЭР намайг хэрхэн бүтээсэн юм бол хэмээн бодож байв уу? Эсвэл эцэг, эх минь намайг төрүүлсэн үүнд Бурхан ямар хамаатай юм бэ? гэж өөрийнхөө цэцэрхэл дотор бодсоор, Бурхантай тэрсэлдсээр байна уу? Эцэг,эх тань танд дуудах нэрийг хайрладаг бол гайхамшигт Бурхан таны энэхүү нэрийг ч бас мэддэг билээ.  Ямар ч хэлээр нэрлэгдсэн бай хамаагүй, ТЭРБЭЭР бүх хүмүүсийн нэрийг мэддэг. Бурхан биднийг бүтээсэн тул ТЭРБЭЭР бидний тухай бүгдийг мэддэг юм. Тиймээс ч бид Түүнд хамааралтай тул, биднийг эцэг, эхээс маань ч илүү хайрладаг. Бурхан бол бидний Тэнгэрлэг Эцэг бөгөөд эцэг эх маань бидний талаар санаа тавьдагаас ч илүүгээр ТЭРБЭЭР бидний төлөө санаа тавьдаг.

Бурхан

Бурхан бол хаа сайгүй байж, үргэлжид мөнхөд оршдог. Тиймээс ч ТЭРБЭЭР  Өөрийн Сүнсийг бидэн рүү үлээн, амь амьсгалыг өгөөд, мөнх амьдралыг хайрласан билээ.

Гэвч гэмийн үр дагавраас болоод бидний махан бие маань үхдэг болж харин бидний дотор оршигч сүнсийг мөнх амьдруулахаар ТЭРБЭЭР өгсөн юм. Иймд та жинхэнэ амьд Бурханыг мэдэх үү? Магадгүй, та: “Бурхан гэдэг чинь Хэн юм бэ? Тэр хаана байна вэ?” хэмээн асууж болох юм. Үнэндээ, та Түүнийг мэдэхийг хүсэж байна уу? Тийм ээ та  бүр, зүрх сэтгэлийн гүнээс та үүнийг мэдэхийг хүсэж байгаа.

Үнэндээ, та хэзээ ч Бурханыг хараагүй. Энэ махан биеэр Түүнийг харах ч боломжгүй. Гэхдээ энэ нь ерөөсөө байхгүй гэсэн үг биш ээ. Ганц үнэн бол зөвхөн цорын ганц Бурхан байдаг. Дэлхийд Түүнгүйгээр орших ямар нэгэн эзэнгүй зүйлс, хоосон орон зай гэж байхгүй, учир нь жинхэнэ амьд Бурхан л Өөрийн тэнгэр ба газрыг дүүргэж байдаг. ТЭРБЭЭР нэг цаг мөчид хаа сайгүй оршдог. Бурханы гэр бидний дээр тэнгэрт оршдог бөгөөд тэнд нь төгс сайхан орон байр бий. Тиймээс Түүний дууг сонсоод, дуулгавартай дагадаг хүмүүсийн зүрх сэтгэлд ТЭРБЭЭР бас оршин байдаг юм.

Би  Бурханыг мэдэхийн тулд хэрхэн суралцах вэ? Магадгүй, та ч гэсэн Түүнийг мэдэхийг хүсэж байж болох юм? Тиймээс биднийг хэрхэн суралцах талаар Бурханд гайхамшигтай төлөвлөгөө байсан төдийгүй түүнийгээ ч бидэнд үзүүлсэн юм. Энэ бол Түүний цорын ганц хүү Есүс Христ байв. Бурхан Өөрийгөө Хэн болох, ямар агуу вэ? гэдгийг харуулахын тулд Өөрийн цорын ганц Хүү Есүсийг Тэнгэрийн Улсаас илгээсэн юм. Бурхан ба Есүс бол нэгдмэл юм. Бурханы Хүү амалсан амлалтын дагуу энэ дэлхийд гайхамшигийг харуулан хүүхэд адил төрж, өсөн Бурханы хайрыг хүмүүст Өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэв. Түүнчлэн хүмүүст Бурхан бол Ариун, гэм нүглийг тэвчдэггүй гэдгийг хэлж сургасан юм. Тиймд Бурхан биднийг гэм нүглээсээ салж, аврагдах замыг төлөвлөсөн нь Өөрийн Хүү Есүсийг загалмай дээр нүгэлт нэгэн болгон хадуулсан юм. Есүс, Эцэгийн хүслийн дагуу Тэнгэрийн улсын хаан суудлаа орхин, Өөрийн амьдралыг хамгийн дорд болгон энэ дэлхийн хүмүүст харуулсан нь Түүний хайр хичнээн агуу байна вэ гэдгийг харуулсан.

Энэхүү хайрын илэрхийлэл бол ТЭРБЭЭР энэ дэлхийн бүх гэм нүглийн төлөөсийг төлөхөөр золиос болсон явдал байв. Тодруулбал: Есүс, таны болон хөвгүүд, охид, эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгдийнх нь хэзээ нэгэн цагт үйлдсэн бүх гэм нүглийн төлөө золиос болсон юм.

Есүс загалмай дээр цовлогдоод, тэндээ үлдсэн үү? Эсвэл хадан булшинд оршуулагдаад тэндээ үлдэж ялзарлыг үзсэн үү? Үгүй ээ, ТЭРБЭЭР гурав хоногийн дотор хадан булшнаас үхлийг ялан дийлж, амилсан юм. Дараа нь Есүс Тэнгэрийн Улс руу эргэн явж, Бурхан Эцэгээс дэлхийн төгсгөл ирж байна хэмээн хэлэх цагийг болон дэлхий рүү дахин ирэх цагийг хүлээж байна. Тэр үед Есүс бүх хүмүүсийг шүүх зөвт, шударга шүүхийн Шүүгч нь байх болно.

Хэрэв танд Иоханы Сайн Мэдээний ном байвал 10-р бүлгийг уншаарай. Тэр номонд Есүс хүмүүст юу гэж хэлсэн талаар бичигдсэн байдаг. Тухайн үед Түүний хэлсэн бүх үг - үнэндээ өнөөдөр бидний хувьд ч хүчин төгөлдөр хэвээрээ байна. Есүс хэлэхдээ: “Би бол сайн Хоньчин, Өөрийн амийг хоньдынхоо төлөө өгнө” гэжээ. Энд дурдагдсан хоньд гэдэг нь бид юм. Түүний хоньдууд нь Түүний дуу хоолойг таньдаг. Есүс тэднийг нэрээр нь дуудах бөгөөд харин Түүний дуу хоолойг танихгүй нэгэн нь тэднийг дагахгүй.

Танихгүй нэгэний өөр дуу хоолой

Түүнээс бид зугтаж явах ёстой, танихгүй нэгэн гэгч хэн бэ? Өө, тэр бол хулгайч! Түүнд хоньдын төлөө гэсэн ямар ч үйлс байхгүй. Тэр бол худалч. Түүний дотор үнэн байхгүй. Тэр бол диавол бөгөөд бидний дайсан болох Сатан юм. Тэрээр юуны түрүүнд Бурханы дайсан болсон. Тэрээр нэгэн цагт Тэнгэрийн Улсад сайн тэнгэр элч байж, Бурханы оршихуйд Түүнтэй хамт байлаа. Гэвч тэрээр бардам болж, өөрийгөө Бурханы эсрэг өргөмжилжилж эхэлжээ. Тэр үед, Бурханы эсрэг тулалдахад, олон тэнгэр элчүүд түүнтэй нэгдсэн байна. Бурханд бүх хүч чадал байдаг тул ТЭРБЭЭР Сатаныг ялж, түүнийг бүх дагалдагчдынх нь хамт Тэнгэрийн Улсаас хөөжээ. Үүний улмаас Сатан Бурханыг үзэн ядах болжээ. Тэр хэзээ ч дахин Бурханд ойртож чадахгүй болсон учир өөрийн уур хилэнг Бурханы бүтээлүүд болох дэлхийн хүн төрөлхтөн дээр асгав. Учир нь тэрээр хүнээр нүгэл үйлдүүлж, хүн бүрийг нүгэл рүү уруу татах гэж оролддог болов. Гэм нүгэл нь хэзээ ч Тэнгэрийн Улс руу нэвтэрч чадахгүй.

Харагтун бас өөр нэгэн газар бий. Бурхан түүнийг диавол болон түүнтэй хамт  урвасан тэнгэр элчүүдэд зориулан бүтээсэн юм. Тэр газрыг -Там гэдэг. Там бол зовлон зүдгүүр, тарчлалын газар билээ. Тэнд хэзээ ч унтардаггүй, мөнхөд шатаж буй галт нуур байдаг. Тэр газарт диавол болон түүний дагалдагчид мөнхийн шийтгэлээ үүрэх болно. Хэрэв бид Сатаны дуу хоолойг сонсохоор шийдвэр гаргах аваас, Бурхан биднийг энэ аймшигт газар луу илгээхээс өөр аргагүй болно.

Сатан биднийг тамын тухай бодохыг хүсүүлдэггүй. Учир нь тэрбээр энэ талаар нууж хаацайлдаг. Мөн Бурханы талаар бодохыг бүр ч хүсүүлдэггүй. Тиймээс ч бидний анхаарлыг Бурханаас тусгаарлахыг байнга чармайж байдаг. Харин тэрбээр, өөрийнхөө дуу хоолойг бидэнд сонсгохыг хичээдэг. Тиймээс та одоо анхаарлаа хандуулна уу! Хэзээ нэгэн цагт танихгүй нэгэний дуу хоолой болох энэхүү өөр дуу хоолой танд сонсогдож байсан уу? Сатан заримдаа өөрийн үйлсийг сайн зүйлс хэмээн бидэнд итгүүлэхийг санал болгодог. Заримдаа тэрбээр бидэнд: “Би бусдаас илүү. Би бол маш чухал хүн. Би анхдагч нь. Юу ч болж байсан би л авах ёстой. Би өөрийнхөө эрхийн төлөө тулалдах ёстой. Би хулгай хийгээд ч баригдахгүй дажгүй хүн шүү. Бүгд худлаа ярьдаг шиг би гэсэн худал ярьж яагаад болохгүй гэж? Миний ухаанд эргэлддэг бузар муу бодлууд тийм ч муу биш шүү, тиймд хэн миний бодлыг мэдэх билээ. Бохир үг хэрэглэн хүмүүсийг инээлгээх нь бас л дажгүй шүү” гэх мэт маш олон муу бодлуудыг бидний оюун ухаанд төрүүлдэг. Зарим үед таныг сэтгэлээр унасан хүнд байдалд байхад: “Би сайн нэгэн биш тул яагаад цаашид үргэлжлүүлэн амьдрах хэрэгтэй гэж?” хэмээн санаашрах бодол руу ч, уруу татагдаж,  цаашлаад өөрийнхөө амийг хөнөөх хүртэл оюун бодлыг маань удирдан хөтөлж байсан байх? Тиймээс эдгээр бүх бодлууд нь чөтгөрийн дуу хоолой юм. Тэрээр худалч учраас биднийг ч гэсэн өөртөйгөө адил худалч болгохыг хичээдэг. Тэрээр хулгайч тул мөн л биднээр хулгай хийлгэхийг хүсдэг. Тэрээр алуурчин тул бусдыг үзэн ядахыг бидэнд уриалан, хэн нэгэний амьдралыг сүйрүүлэхээр дууддаг. Тэрээр таныг өөрийгөө нуухад хүргэдэг. Тэрээр бүх зүйлийг харанхуйд хийх дуртай байдаг.

Иймд та түүний дуу хоолойг сонсох үед танд ямар мэдрэмж төрдөг вэ? Таны дотор болон зүрх сэтгэлд чинь тааламжтай байх болов уу?

Гэвч, энэ нь үнэндээ сайн зүйл биш тул таныг аз жаргалгүй, баяр хөөргүй болгодог. Тиймээс Сатан ямар вэ? гэдгийг эндээс ухааран харах хэрэгтэй.

Есүс Хоньчины Дуу Хоолой

Та Есүсийг Сайн Хоньчин гэдгийг мэдэх үү? Та Түүний хонь байхыг хүсэж байна уу? Түүний дуу хоолойг таньдаг болмоор байна уу?

Тийм ээ, энэ бүгд танд боломжтой. Гэхдээ та өөр нэгэний дуу хоолойг дахин хэзээ ч сонсохгүй  болсон үед л та Түүнийг сонсох болно.

Одоо, та чимээгүй тайван байх үедээ дөлгөөн, зөөлөн Есүс таныг: “Бүхий л амьдралаа Надад өгөөрэй” хэмээн дуудах, Түүний дуу хоолойг сонсох болно. Та Есүсийг сонсох үед, ТЭРБЭЭР, өөрийн хийсэн бүх гэм нүглүүдийнхээ төлөө гэмших шийдвэр гаргахыг танаас хүсэх болно. Заримдаа та маш тайван, чимээгүй байх үедээ: “Өөрт байгаа бүх зовлон, дарамтаас ангижрахын тулд би юу хийх хэрэгтэй вэ? Би сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Би дахин хэзээ ч өлсдөггүй, өвддөггүй, зовдоггүй тэр газар байхыг хүсэж байна. Намайг үхэх үед, надад юу тохиолдох бол?” хэмээн янз бүрийн бодлууд төрдөг байж болох юм. Магадгүй танд үүнээс ч илүү олон бодлууд эргэлддэг байсан байх. Харин энэ бол Есүс таныг дуудаж буй дуу хоолой юм. Заримдаа та, өөрөө яагаад  гэдгээ ч мэдэхгүй уйтгар гунигт автдаг уу? Эсвэл та ганцаараа биш байсан ч өөрөө өөртөө ганцаардлыг мэдэрдэг үү? Магадгүй, таны зүрх сэтгэл, таныг бүтээсэн, мөн таныг хайрладаг НЭГЭН болох Бурханыг үгүйлэн ганцаарддаг байж болох юм.

Есүс бол Өөрийн алдагдсан болон төөрсөн хоньдоо дууддаг Хоньчин юм. ТЭРБЭЭР таныг эрэн хайсаар, хайсаар мөн таныг намуухан дөлгөөн дуу хоолойгоор дуудан дуудсаар, дуудсаар байна!

Хэрвээ та Хоньчиныхоо дууг сонсвол, тэр үед л Түүнд хариулаарай. Өөрийн үйлдсэн гэм нүглийнхээ талаар Түүнд хэлээрэй. Та юу мэдэрч байгаагаа Түүнд зүгээр л хэлээд, Түүнээс намайг авраач хэмээн зүрх сэтгэлийнхээ гүнээс ярин гуйгаарай. Үүнийг залбирал гэдэг юм.

Хэзээ нэгэн цагт та Тэнгэрт оршдог амьд Бурханд залбирч байсан уу? Тэгвэл яг одоо залбираарай. Есүс таныг сонсоод, таныг ойлгох болно. Тэгээд таны хүсэн хүлээж байсан амартайвныг, танд өгөх болно.

Тиймээс та Түүний хонь байж, Түүний дуу хоолойг танихыг хүсэхгүй байх гэж үү? Үнэндээ ТЭРБЭЭР таны гэм нүглийн хүнд ачаа, дарамтыг танаас авч хаяад, таны үнэнч Найз байхыг хүсдэг. ТЭРБЭЭР таныг айдсаа ялан дийлэхэд тань туслах болно, тэгснээр та зүрх сэтгэлдээ баяр хөөртэй болж, Түүн шиг бүхнийг хайрладаг, сайхан сэтгэлтэй болох  болно.

Түүнчлэн таныг Христитгэгч болсонд найз нөхөд тань, танаар доог тохуу хийж басамжилсан ч, үүнд санаа бүү зов, энэ үед Есүс танд санаа тавих болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөн танихгүй нэгэн таныг дахин сорих үед, Есүс танд сорилтыг даван гарахад тусалах болно гэдэгт та итгэх хэрэгтэй.

Хэрэв та Хоньчины хайрын ариун мутарт аюулгүй амьдарч байгаа бол, эцсийн цагт ТЭРБЭЭР таныг Бурханы гайхамшигтай, аз жаргалтай гэрт, Өөрсөдтэйгөө хамт мөнхөд амьдруулахаар авч явна гэдгийг та мэдэх болно!

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах