Та дахин төрөх ёстой

Та биднийг дахин төрөхгүй бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй, мөн Тэнгэрийн Улсын хаалга ч хаалттай байна гэдгийг Есүс бидэнд хэлсэн. Тиймээс бид,  ‘найз минь чи дахин төрсөн үү?, цуглааны гишүүн та дахин төрсөн үү?’ хэмээн асуудаг. Хэрэв үгүй бол та алдагдсан нэгэн юм.

Есүс хэлэхдээ: “Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье, хүн дахин төрөхгүй л бол Бурханы Хаанчлалыг харж чадахгүй” (Иохан 3:3) гэжээ.

Та: -Дахин төрнө гэж юуг хэлээд байна вэ? хэмээн асууж болох юм. Эхлээд өнөөдөр шинэ төрөлтийн талаар нилээн олон эндүүрэл байдаг тухай ярилцъя. Тухайлбал,  бидний зарим нь баптисм хүртсэн хэдий ч хараахан дахин төрөөгүй байдаг, энэ бол баптисм биш ээ (Үйлс 8:17-24). Энэ нь мөн цуглаанд хамрагдсанаар болдоггүй, зарим нь цуглаан дотор биднийг гэнэдүүлэн шургалсан хүмүүс ч байдаг (Галат 2:4). Мөн ЭЗЭНий ширээнээс идсэнээр ирдэггүй, зарим маань зохисгүйгээр идэж, ууснаас болж буруушаалыг авчирдаг (1 Коринт 11:29). Илүү сайхан амьдрах гэсэн хичээл зүтгэл болон өөрийгөө сайжруулснаар ирэхгүй, “... учир нь олон хүмүүс тэр хаалгаар орохыг хичээх боловч, Би та нарт хэлье: “Тэд чаддаггүй юм” (Лук 13:24). Мөн залбирлаар ирдэггүй, энэ талаар Есүс хэлэхдээ, “...энэ ард түмэн Намайг уруулаараа хүндэтгэн, амаараа Над руу ойртдог боловч үнэндээ тэдний зүрх сэтгэл нь Надаас хол оршдог”  (Матай 15:8) гэсэн байдаг.

Зарим хүмүүс: -Хэрэв би ядууст өгч, өвчтэй нэгэнийг эргэн очиж, байгаа бүхнээ бусадтай хуваалцаж, өдөр бүр чадах чинээгээрээ сайн байхыг хичээж, хийж чадах бүхнээ хийдэг байвал би эргэлзээгүй дахин төрнө хэмээн ярьдаг.

Эхийг дэлгэрэнгүй: Та дахин төрөх ёстой

(Матай 25:31-46). Гэвч бид хийж гүйцэтгэснээрээ ч дахин төрж яагаад ч чадахгүй юм. “Яагаад гэвэл махан биесийн бодлуудын мөн чанар нь Бурханы эсрэг дайсагнал тул Бурханы хуулинд  захирагддаггүй бөгөөд тэгээд ч боломжгүй юм” (Ром 8:7).

Иймээс бидний зүрх сэтгэл заавал өөрчлөгдсөн байх шаардлагатай. Бурхан эш үзүүлэгч Езекиелээр дамжуулан: “Тэгээд БИ та нарт шинэ зүрхийг мөн шинэ сүнсийг өгөх болно; та нарын махан биеэс чулуун зүрхийг чинь аваад тэгээд та нарт махан зүрхийг өгөх болно” (Езекиел 36:26) хэмээн айлджээ.

Тэгвэл дахин төрөлт гэж юу вэ? Яагаад шинээр төрөх ёстой гээд байна вэ? Иохан 3:6 -д бичигдсэнчлэн: “Махан биеийн төрөлт нь махан бие; харин Сүнсний төрөлт нь сүнс юм” гэсний дагуу та юунаас төрнө, түүгээрээ байна.

Энэ хорвоод шинэ хүн төрөхөд, түүний шинэ амьдрал эхэлдэг. Үүнтэй адил Ариун Сүнс ирэх үед бид дээрээс дахин төрж, энэ ертөнц дээр Христ Есүсийн дотор бидний шинэ амьдрал үүсдэг. Ердийн төрөлттэй адилтгасан энэ дүр бидний амьдралаас хамааралгүйгээр дээрээс мэндлэх шинэ төрөлт бөгөөд үүнийг  Христ Есүс доторх шинэ амьдралын төрөлт гэдэг.

Есүс хэлэхдээ: “...Надад итгэгч хэн ч, хэзээ ч үхэхгүй, харин амьдрах болно...” (Иохан 11:26) хэмээн энэхүү төрөлтийг мөнхөд үргэлжлэх амьдрал гэсэн байдаг. Иймээс шинээр төрөх гэдэг нь бид гэм нүглээ Есүсийн өмнө гэмшиж, Түүний уучлалыг итгэлтэйгээр хүлээн авах үед ирдэг бөгөөд зүрх сэтгэлийн өөрчлөлт, шинэчлэгдсэн амьдрал, ЭЗЭНд үйлчлэх үйлчлэл зэргээс бүрдэнэ.

“Удаан байна гэх зарим хүмүүс шиг ЭЗЭН амлалтандаа хойрго байдаггүй; харин ч хэн нэгнийг үхүүлэхийг хүсдэггүй тул бүгдийг гэмшилд ирүүлэхийн тулд, ТЭРБЭЭР биднийг удаан тэвчдэг юм” (2 Петр 3:9).

Бид хэзээ дахин төрж болох вэ? Бурхан Ариун Сүнсээр дамжуулан хэлэхдээ: “...өнөөдөр та нар Түүний дуу хоолойг сонсож байгаа бол ...” (Еврей 3:7) гэжээ.

Энэ нь хэрэв та Бурханы дууг сонсоод, хариулах аваас хэн, хэзээ, хаана, хэдэн настай байсан ч хамаарахгүйгээр Бурхан руу ирж, Түүний Сүнсний тусламжтайгаар дахин төрөх болно. Ингэснээр бид Түүний хүүхдүүд нь бас өв залгамжлагчид, Христийн хамтран залгамжлагчид нь болдог (Ром 8:14-17).

Би үүнийг хэзээ, хэрхэн хүлээн авах вэ? Бурхан таны зүрх сэтгэлийн чин үнэнч байдлыг харахын зэрэгцээ Есүс Христэд итгэсэн таны зүрх сэтгэлээс гарах тунхаглалын үгийг сонсохыг хүсдэг (Ром 10:9-11).

ТЭРБЭЭР тан руу Ариун Сүнсний хүч чадлаар ирж, таны дотор зөв сүнсийг бүтээдэг (Дуулал 51:10). Иймд та Түүнд итгэсэн итгэлээр Христ Есүс дотор дахин төрж шинэ бүтээл болдог (2Коринт 5:17).

Шинэ төрөлт хүртэл өсөхөд, надад хэр их хугацаа хэрэгтэй вэ? Бид Бурханы Хаанчлалд төрөөд, Түүний хүүхдүүд болон өв залгамжлагчид нь болсон л бол, энэ үнэндээ хэрэггүй, эрхэм уншигч минь.

Бид бүхий л зүрх сэтгэлээр дөлгөөн даруу болж, Есүсийн өршөөл ба энэрэл рүү ирэхэд л энэ төрөлт нь тэр агшинд явагдах боломжтой.

Эцэст нь: Би шинээр төрсөн болон Ариун Сүнсийг хүлээн авсанаа хэрхэн мэдэж болох вэ?

Элч Павел,  Ром 8:9-д заахдаа: “...Хэрэв хэн нэгэнд Христийн Сүнс байхгүй  бол тэрээр Түүнийх биш юм” гэж хэлжээ. Библи бидэнд алдагдсан хүмүүс нь нүгэлдээ үхэж, буруушаагдан, дотоод сэтгэл нь ёрын муу зүйлээр дүүрэн байдаг талаар заасан байдаг. Тиймд “тэд дэлхий дээр Бурхангүй, дуулгаваргүй, найдваргүй, махан биеийн хүсэл, түүний бодол санаагаар амьдардаг” гэжээ.

Харин дахин төрсөн Христитгэгч нь Бурханы хүүхэд, Христ дотор амьд, аврагдсан, буруутгалгүй, сайхан сэтгэлтэй зөвт хүн болж ирдэг. Энэ хүн сүнслэг бодол санаатай, Ариун Сүнс болон итгэлээр дүүрэн, мөнх амьдралын төлөө найдвартай амьдардаг. Түүний гэм нүгэл Есүсийн цусаар халхлагдаж, бидний ойлголтоос ч илүү зүрх сэтгэл нь Бурханы хайр, амар тайванаар дүүрэн байдаг. Түүнд ЭЗЭНий хүслийг гүйцэлдүүлэх чин хүсэл, хүч чадал, хайр байдаг.

Тиймээс ч тэрээр тэнгэрийн улсад очоод амьдрах ЭЗЭНий амалсан орон байрыг, үхлийн булшнаас илүү  үзэж, итгэл болон найдвар дотор тэвчээртэй хүсэн хүлээдэг байна. “ Та нарт орон байр бэлдэхээр явах үедээ, Би хаана байна, та бүгдийг тэнд байлгахын тулд Би дахин ирж, та нарыг Өөртөө авах болно” (Иохан 14:3).

Тийм учраас бид асууж байна: Хэн нэгэн дахин төрөлтийн талаарх ойлголтгүйгээр хуучин байдлаа эвдэж чадах боломжтой юу? Энэ нь маш эргэлзээтэй. Учир нь Ром 8:16-д хэлэхдээ: “...энэхүү Сүнс нь бидний зүрх сэтгэлд, бид бол Бурханы хүүхдүүд гэдгийг гэрчилдэг” гэсэн байдаг.

Иймд эрхэм уншигч та өөрийн зүрх сэтгэлдээ жинхэнэ амартайван, баяр баясгаланг мэдрээгүй бол, та бүү зогсонги байдал дотор байгаарай. Учир нь та өөрийн зүрх сэтгэлийг Бурханаар удирдуулахыг үл хүссэн, мөн Түүнийг үл тоомсорлосон хэрэг болно шүү!

Тиймээс ТА ДЭЭРЭЭС ДАХИН ТӨРӨХ ЁСТОЙ.

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах

Айдсаас Чөлөөлөгдөх нь

Айдас гэж юу вэ?

Бурханаас эмээх эмээдэс

Ирээдүйнхээ төлөө айх айдас

Бүтэлгүйтэхээс айх айдас

Зовлонгоос айх айдас

Үхлээс айх айдас

Айдсаас чөлөөлөгдөх нь

Айдас хэмээх нууц дайсан хүн бүрийн амьдралын алхам бүрт, бүх он жилүүдэд эзлэн оршдог. Энэ нь баригдашгүй мөн сүйтгэгч бөгөөд бидний бодол санааг хордуулж, дотоод амар тайван байдлыг хулгайлж, амьдрах урам зоригийг хугалан зогсоодог. Мөн биднийг сандарч тэвдсэн, түгшүүртэй, санаа зовсон, тайван бус, сэтгэл хямраасан, хулчгар хүн болгодог. Энэ ямар тааламжгүй, хэрэгцээгүй мэдрэмжүүд вэ!

Бид зөрчилдөөн, бүтэлгүйтэл, өөрчлөлт болон урам хугарахаас айдаг. Зарим хүмүүс өвдөж ядарсны улмаас зовж тарчлахаас айдаг. Мөн зарим нь хайртай хүмүүст нь хор хөнөөлт зүйл тохиолдохоос айдаг. Маш олон хүмүүс үхэл болоод үхлийн дараах өөрсдийн мэдэхгүй зүйлтэй нүүр тулгарахаас айдаг. Харин Христэд итгэгч хүмүүс өөрсдийнх нь аврал баталгаагүй байх эсвэл Бурхан тэдний гэм нүглийг уучлаагүй байх вий гэсэн айдастай явдаг. Хүмүүс зөвхөн үхлээс айгаад зогсохгүй, амьдрахаас хүртэл айх явдал ч байдаг.

Эхийг дэлгэрэнгүй: Айдсаас Чөлөөлөгдөх нь

Айдас нь бидний оюун бодолд маш удаанаар, чимээгүйгээр орж ирдэг тул бид өөрсдөө хөнөөлт нөлөөллийн хохирогч болж байгаагаа ч барагтаа олж мэддэггүй. Үл мэдэгдэх өчүүхэн айдас нь аяга усан дотор дусаасан бэхний нэг жижиг дусал мэт, тэр саван доторхи усны өнгийг тэр чигт нь өөрчилдөгтэй адил юм. Өчүүхэн дусал мэт энэ айдас нь эхлээд усны урсгал шиг, зогсолтгүй үргэлжлэх үедээ бидний сайн сайхан бодлын сувгуудыг хааж, өөр зүг рүү чиглүүлдэг.

Ариун Библид, Элч Паул биднийг ямар бодолтой байхыг ятган, өгүүлэхдээ: “...зөвхөн юу нь үнэн, юу нь шударга, юу нь зөвт, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь бахдалтай байна; хэрэв тэнд аливаа ач тустай болон магтууштай зүйл байвал эдгээр зүйлсийн тухай бодогтун” (Филиппой 4:8) гэжээ.

Амьдрал ээдрээтэй, дэлхий харгис боловч гаднаас ирдэг асуудлууд бидний дотоод амар тайвныг сүйтгэхээс илүүтэй, бид өөрсдөө бий болгодог айдас нь бүхнийг сүйтгэдэг. Хамгийн чухал хэрэгцээтэй зүйлс бидний амьдралд байхгүй үед айдас орж ирдэг. Би мөнгөгүй яанаа, ажилгүй яанаа, өмсчих олигтой хувцас алгаа гэсэн цөхөрсөн харанхуйн бодлууд ирэх төдийд айдас, гутрал орж ирдэг. Бидний зүрх сэтгэл Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн тул Түүнд хандан сэтгэлээ нээгээрэй. Бид Бурханаас холдох үед, амьдралд маань нарийн төвөгтэй асуудлууд үүсч, эмээдэс, айдас хүйдэс дүүрэн болдог гэдгийг ойлгох хэрэгтэй.

Айдас гэж юу вэ?

Айдас бол Бурханы тааллыг олоогүй нэгэний танин мэдэхүйгээс гарч ирдэг сэтгэлийн хөдлөл юм. Анх Адам, Ева хоёр “цэцэрлэгийн голд байрлах жимсний модноос идэж болохгүй” хэмээсэн Бурханы тушаалыг үл даган, Сатаны зөвлөгөөг хүлээн авсан тэр өдөр хамгийн эмгэнэлтэй үйл явдал эхэлсэн. Энэхүү дуулгаваргүй байдлаас болж тэд нүгэл үйлдэж, Бурханы оршихуйгаас нуугдах болов. Бурхан тэднийг дуудахад; Адам,“...би цэцэрлэгт Таны дуу хоолойг сонсоод, би айсан, учир нь би нүцгэн байсан тул; өөрийгөө нуусан” (Эхлэл 3:10) хэмээн хэлжээ.

Энэ цагаас эхлэн айдас биднийг үргэлж дагах болов. Айдсаар дамжуулан Сатан өөрийн ажлаа хийхийг хүсдэг. Тэр зөвхөн харанхуй байдалд л ажилладаг. Тэрээр гэрэлд ажиллаж чаддаггүй, учир нь “Бурхан бол гэрэл, Түүний дотор ямар ч харанхуй гэж үгүй” (1Иохан 1:5). Сатан бидний сул байдлыг мэддэг төдийгүй бидний сул байдалд өөрийн бодлууд болон айдсыг илгээдэг. Тэрээр үнэнийг үгүй хийн, биднийг мэхлэн төөрөгдүүлэхийг эрэн хайж байдаг. Хэрэв бид зүрх сэтгэл болон оюун бодлоо харанхуйд хааж, хадгалсан хэвээр байвал Сатан өөрийн ажил болох цөхрөл ба айдсын хорон муу ажлаа үргэлжлүүлсээр байх болно. Хэрэв бид Сатаныг гэрэлд ил гаргавал, тэрээр ялагдаж, түүний хүч чадал цуцах болно.

Сатан бидний айдсыг бүрэн дүүрэн давуу тал болгон ашигладаг. Боломж бүрт тэрээр өөрийн хүчийг нэмж, хүмүүст өөрийгөө илүү бодит, учир уялдаатай мэт харуулахыг хүсдэг. Бид эрх чөлөөний талаарх бүх итгэл найдвараа алдах үед, бидний зам улам илүү харанхуйгаас харанхуй болж, зүрх сэтгэлийн маань ачаа улам илүү хүндээс хүнд болно. Анхаарагтун! Бурхан бол бүх айдсуудыг үгүй хийх хамгийн агуу хүч билээ. Биднийг мөнхийн галтай там дахь үхлийн шүүлтээс аврах төлөвлөгөө Бурханд байдаг. Түүний агуу хайрын төлөө талархъя, ТЭРБЭЭР Өөрийн цорын ганц хайртай Хүү Есүсийг энэ дэлхий рүү бидний Аврагч болгон илгээсэн юм. Тэрбээр Голготод загалмай дээр золиос болсон үхэл нь бидний нүглийн төлөөс болох Бурханы шүүлтийг Өөрийн биеэр зольсон явдал юм. Бурханы аврал нь бидэнд айдсаас хол байх замыг зааж өгдөг. Тиймээс айдас бол гэм нүглийн үр дагавар бөгөөд Есүс нүглийг ялан дийлсэн нь нүглийн хамт учрах бүх хор холбогдлуудыг үгүй болгосон.

Энэ нь яг л нэгэн бяцхан хүүгийн тухай түүхтэй адил юм. Хүү шөнө харанхуйд ганцаараа алхахаас айж байв, аав нь хүүгийнхээ хажууд алхан ирээд, гараас нь хөтлөхөд, хүүгийн бүх айдас үгүй болжээ. Ийнхүү харанхуй айдсыг дахин эзэмшихээ болив, учир нь хүү аавыгаа хараад, итгэсэн төдийгүй аав нь түүнд санаа тавина гэдгийг тэрээр мэдэж байлаа. Бидэнд айдсаас салж, эрх чөлөөтэй болох түлхүүр жишээ энд байна. Тэр түлхүүр бол бид зөвхөн тэнгэрлэг Эцэгээ маш сайн мэдэх хэрэгтэй. Түүнтэй ганцаарчлан уулзаж ярилцсанаар Түүний хүсэл, Түүний хайр, мөн Түүний биднийг халамжлах зөөлөн харилцаанаас сурах явдал юм. Бид Бурхантай танил болсноор, өөрсдийн амьдралаа бүхэлд нь Түүний гарт аюулгүй байлгахаар итгэн өгдөг билээ. Бид өөрсдийн оюун бодлыг зовоож байгаа асуудлыг мөн амьдралын харууслууд, биднийг цөхрөл рүү аваачиж болзошгүй зүйлсийг Түүнээс даруухнаар лавлан асуугаарай. Бид Түүний царайг хичээнгүйлэн хайж, Түүнд бүр мөсөн бууж өгвөл, бидний хүсэл Түүний хүсэлтэй нэгдэж, Түүнийг итгэлтэйгээр, дуулгавартайгаар дагах болно. “Хайр дотор айдас байдаггүй, харин төгс хайр нь айдсыг хөөн гаргадаг, учир нь айдаст ял шийтгэл байдаг. Айдаг нэгэн нь хайрын дотор төгс бүтээгдээгүй байдаг” (1 Иохан 4:18).

Бурханаас Эмээх Эмээдэс

Бурханы тааллыг олохын тулд Түүнээс эмээн хүндлэх айдас хэрэгтэй. “Эзэнээс эмээх нь мэргэн ухааны эхлэл юм...” (Дуулал 111:10) Энэ нь хамгийн тохиромжтой хүндэтгэл бөгөөд бидний мэдэрдэг хүндэтгэлтэйгээр эмээх эмээдэс юм. Хэрэв бид Бурханаас эмээдэг бол Түүний агуу байдлыг, Түүний зөвт байдлыг, Түүний шүүлтийг, Түүний хайрыг, Түүний энэрлийг, мөн Түүний мэргэн ухааныг, Түүний мөнх байдлыг тодорхой хэмжээнд харж чадна.

ТЭРБЭЭР бүгдийг мэддэг, бүхнээс илүү хүчтэй, мөн хэзээд мөнхөд оршин байдаг Нэгэн билээ. Энэ дэлхий дээр бидний оршин байгаа амьдрал маань бүхэлдээ Бурханы гарт байдаг бөгөөд Түүний өмнө бүхий л ертанц, дэлхий мөн бид хүртэл Түүний бүтээл нь гэдгийг мэдэх хэрэгтэй. Ийм агуу Бурханыг уурлуулна гэхээс бид эмээхгүй байх гэж үү! Бурханы зөвт байдал нь гэм нүгэл дотроо амьдардаг хүмүүсийг тамын галаар шийтгэдэг гэдгийг мөн л мэдэх хэрэгтэй. “Учир нь бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараагаар санаатайгаар нүгэл үйлдвэл, тэнд дахин нүглийн төлөө золиос үлдэхгүй, харин дайснуудыг устгах догшин гал болон шүүлтийг айдастайгаар хүлээх болно” (Еврей 10:26-27). Энэхүү мэдлэг нь нүгэл үйлдсэнээр айх айдсыг авчирдаг. Бид Бурханы өмнө гэмшиж, бусдыг уучилж мөн Түүнд дуулгавартай байвал, бид Түүний дотны сайн найз болж, Түүнд үйлчлэх үйлчлэлд маань Бурханлаг эмээдэс, чин үнэнч хайр, үгээр илэрхийлэхийн аргагүй Түүний авралын бэлгэнд талархал өргөхөд урам зориг орж ирдэг. Бидний Түүнээс эмээх эмээдэс нь зүрх сэтгэлд маань айдас төрүүлдэггүй. Харин бид  Түүнийг хайрлах хайр улам илүү гүн гүнзгий болдог. Энэхүү эмээдсийг бид амьдралдаа бүрэн хэрэгжүүлж эхлэх үед, энэхүү цорын ганц зөв эмээдэс нь бусад бүх айдсыг хөөн зайлуулдаг. Яагаад олон хүмүүс өөрсдийнхөө зүрх сэтгэл, оюун ухаан, амьдралынхаа замыг айдсын бараан үүлээр сүүдэртүүлэн, түүндээ ороогдон амьдрахыг хүлээн зөвшөөрдөг вэ? Бурханы зам бол амар тайван болон үнэний зам билээ.

Ариун Библиэс харвал, Галилее нуурын шуургатай давалгаан дээгүүр Есүс алхаж ирээд, элч Петрийг Өөрийнхөө зүг алхаж ирэхийг урин дуудсан жишээ бидэнд байдаг. Петр Эзэнээс хараагаа салгаж, аймшигт давалгааг харах хүртэл, огт айдасгүй усны мандал дээгүүр алхаж байв. Харин Петр айж эхлэх үед, тэрээр живж эхэлсэн юм (Матай 14:24-31). Бид айдсаас чөлөөлөгдөж, оронд нь Бурхан дотор өөртөө итгэх итгэлтэй байдлыг хайж эрэх үед, Түүний Сүнс бидэнтэй намуун дуу хоолойгоор ярих болно. Бид айдсаас илүүгээр Түүнийг зүрх сэтгэлдээ эрэн хайхад, бидний эргэн тойрон дахь шуурга намжиж эхэлдэг. Тиймээс Бурхан бидний ээдрээтэй асуултуудад хариулж, бидний эргэлзээг баталгаагаар сольж, тайвшралаар дүүрэн Өөрийн мутраар бидний гараас атгадаг. Түүний энэрэл нигүүслээр бид айдсаас чөлөөлөгдөж чадна.

Ирээдүйнхээ Төлөө Айх Айдас

Зарим хүмүүсийг ирээдүйн үл мэдэгдэх нууцлаг тохиолдолууд нь тайван бус байдалд оруулдаг. Тэд өглөө бүрийг тааварлашгүй өдрөөр эхлэн угтдаг. Тэдний оюун бодолд өнөөх шаналгаа бий болж, “тэгвэл яах бол, ингэвэл яах бол” гэсэн төсөөллийн, айдсын харанхуй хөндийгөөр уруудах бодол эргэлддэг. “Хий хоосон зүйлд санаа бүү зов, харин бүх зүйлд залбирлаар, талархсан залбиралтайгаар Бурханд өөрийн хүсэлтүүдээ мэдүүлэгтүн” (Филиппой 4:6). Энэ бол нэгэн өдрийг айдасгүйгээр өнгөрүүлэх энгийн алхам юм. Ийнхүү залбираад үз, тэгээд үр дүнг нь хараарай!

Маш олон хүмүүс ирээдүйн талаар айдастай амьдардаг тул тэдэнд амьдралын зүг чиг хомс байдаг. Хаашаа явж байгаагаа мэдэхгүйгээс болоод байнга муу совин татаж  байгаа мэт санагддаг. Энэ бүхнээс салахын тулд тэд ид шидтэн, мэргэ төлөгч рүү явдаг.

Харин Бурхан, бүх хүний ирээдүйн амьдралд юу хүлээж байгааг мэддэг бөгөөд хэрэв тэд өөрсдийн амьдралыг Түүгээр удирдуулбал, тэдний амьдрал зорилгогүй аялал байхаа больж, харин амьдрах зөв замаа олно.

Хэдийгээр хүмүүс үл мэдэгдэх ирээдүйтэй нүүр тулах боловч, Бурхан Өөрт нь итгэсэн хэнд ч болов итгэмжит байна гэдгээ амласан юм. Та үүнд итгэж байна уу? Шуурга хэр ширүүн хатуу байх нь, шөнө хэр харанхуй байх нь, эсвэл уулс нь хэр өндөр байх нь хамаагүй, ТЭРБЭЭР таныг бүхнээс татан гаргана.

Бүтэлгүйтэхээс Айх Айдас

Бидэнд зорилгодоо хүрэх хүсэл байдаг боловч бүтэлгүйтэхээс айдаг. Үүнд: өөрөө бүтэлгүйтэх, гэр бүлээ бүтэлгүй байдалд оруулах, мөн амьдралаа бүхэлд нь бүтэлгүйтэлд унагахаас айдаг. Бид буруу сонголт хийж, буруу төлөвлөгөөгөөр амьдрах амьдралаас айдаг.

Ариун Библиэс харвал Бурхан Иошуад, “Хүчтэй бай, бас зоригтой байгтун; бүү ай, бүү балмагд; учир нь чиний Бурхан Эзэн чамайг хаа ч явсан чамтай хамт байх болно” (Иошуа 1:9) хэмээн тушаажээ.

Эзэний өгөх удирдлагын дор бид амьдралаа даатгах үед, өнгөрсөн бүтэлгүйтлүүд маань бидний амьдралыг төгсгөх эцсийн үе биш болж, харин эсрэгээрээ биднийг амжилтанд хүргэх гишгүүрт шатууд байх боломжтой болдог.

Зовлонгоос Айх Айдас

Хүмүүс бид бие мах бодийн өвчний тухай бодолд боол нь болж, шүүмжлэлд сэтгэлээ шаналгаж, ганцаардал болон уй гашуудлын улмаас маш хүчтэй өвдөх гэх мэт асуудлуудын дунд амьдардаг. Бурхан биднийг бүх зовлонгоос халхлан хамгаалах нь хамгийн чухал биш харин тэдгээр зовлонг давж гарах агуу хүч чадал, энэрлийг дүүрнээр хангаж өгдөг. ТЭРБЭЭР Өөрийн амар тайван болон баталгаатай байдлыг бидний асуудал болох зовлон зүдгүүрийн дунд өгнө хэмээн амласан. “Бурхан бол бидний хоргодох байр ба хүч чадал, зовлон зүдгүүрийн үед үргэлж тусалдаг. Тиймээс бид айхгүй,...” (Дуулал 46:1-2). Хэрэв бид Эзэнд хайртай байвал, Тэрбээр бидний зовлонг ашиг тустай болгон эргүүлдэг. Зовлон бол биднийг юунд ч бэлэн байх хэрэгтэй гэдгийг мэдэх боломж төдийгүй Бурханы хамгаалалтын хүчийг мэдрэх боломж юм. Мөн хүний мөс чанарын гүн гүнзгий болон зүрх сэтгэлийг ойлгох ойлголт болдог. Зовлон гэдэг нь нэг бол биднийг босгон байгуулдаг, нэг бол биднийг сүйтгэн үгүй хийдэг. Тиймд та энэ хоёрын алийг нь өөрийнхөө амьдралд байлгахыг хүсэж байна вэ?

Үхлээс Айх Айдас

Үхлээс айх айдас нь хүн төрөлхтөнд байдаг хамгийн нийтлэг айдас юм. Бүх зүйлд баяртай гэж хэлэх нь хамгийн сэтгэл өвтгөдөг үүрэг даалгавар билээ. Нас ахих тусам “Хэрэв хүн үхвэл, тэрээр дахин амьдрах болов уу?...” (Иов 14:14) гэсэн асуулт анхаарал татаж эхэлдэг. Есүс биднийг үхлийн айдсаас чөлөөлөхийн тулд ирсэн (Еврейчүүд 2:14-15). Есүс бодитоор үхсэн ч үхлийг ялаад амь орсон ба ТЭРБЭЭР бидэнд, “Би амьд учир чи мөн амьд байх болно” (Иохан 14:19) хэмээн амлажээ. Түүнтэй хамт байвал, үхэл нь юу ч үгүй хоосон уруу орох хаалга бус, харин шинэ амьдрал руу орох гэрэлт үүд мөн. “Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг асуудалд бүү оруул; ...Миний Эцэгийн гэрт маш олон орд харшууд бий; ...Би та нарт орон гэрийг бэлдэхээр явна” (Иохан 14:1-2) хэмээн дурдсан энэхүү орон гэр нь Бурханы хүмүүст зориулан бэлтгэгдсэн Мөнхийн Улс юм.

Тиймд та бэлтгэгдсэн үү? Та өөрийн амьдралдаа хийсэн гэм нүглүүдийнхээ төлөө гэмшсэн үү? Гэмшил нь өнгөрсөн гэм нүглийн төлөө харуусах гэмшил ба өнгөрсөн гэмт амьдралаас эргүүлэн авчрах зам юм. Хамгийн сүүлд та хэзээ Эзэнд залбиралтайгаар ирж, өөрийн асар их санаа зоволт болон айдсуудаа даатгасан бэ? Есүс хэлэхдээ, “Хүнд ачаа үүрсэн, зовж зүдэрсэн бүх хүмүүс ээ, Над руу ирэгтүн, Би та нарт амралтыг өгье” (Матай 11:28) хэмээн айлджээ. Ямар гайхамшигтай урилга вэ! Ямар агуу амлалт вэ!

Итгэлтэйгээр, залбиралтайгаар, найдвартайгаар ирэгтүн! Та сэтгэл санааны амар тайвныг хүлээн авах болно.

Ирэгтүн! Тэгвэл та тайван амьдралын аз жаргал, баяр хөөрийг мэдрэх болно. Бурхан таныг Есүс Христэд итгэж, эрх чөлөөөтэй байж, айдсаас салж эрх чөлөөтэй амьдрахыг урьж байна.

Ирэгтүн!

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах

Хайр - Өнөөдөр дэлхий дээрх хамгийн чухал хэрэгцээ

Хайр... аль ч орны хэлэнд энэ үг хамгийн яруу сайханаар дуудагддаг бас сонсогддог  үгсийн нэг. Энэ үг бидний оюун санаанд ямар их учир утгыг бодогдуулна вэ: сэтгэл татагдах, халамж, халуун дулаан байдал, сайхан сэтгэл, ойлголцол, найдвартай байдал, эсвэл ээж бодогдож байна уу? Гэхдээ өөрлүүгээ хандаад бодоод үз, энэ сайхан үг үнэхээр ямар утга учиртай вэ? Та хайрлуулахыг хүсдэг үү? Эсвэл та өөрөө хайрладаг уу? Танд хайрын талаар маш чухал нууцыг дэлгэж хуваалцахыг хүсэж байна. Та анхааралтай уншаарай!

Аливаа зүйст төв буюу цөм гэж байдаг шиг хайрын цөм нь Бурхан юм. Тиймээс Бурхан бол хайр мөн, Түүний хайр, таны зүрх сэтгэлийн төвд үргэлжид оршиж та бусдыг хайрлаж, хайрлуулахыг Тэрбээр зохицуулан танд тусалж байдаг байна. Тиймээс Бүх хайрын эх үндэс бол Бурхан юм. 1 Иохан 4:16-д хэлэхдээ, “Мөн бид, Бурханд бидэнд зориулсан хайр байдгийг мэдэж бас итгэсэн билээ. Бурхан бол хайр; хайрын дотор оршин суугч хэн ч Бурхан дотор оршин суудаг бөгөөд Бурхан түүний дотор оршдог юм” гэсэн байдаг. Хэрэв хүн Бурхан дотор оршин, Түүгээр дамжуулан хайрыг олохгүй бол жинхэнэ хайрын эх үндэс сайн сайхныг мэдэрч, түүнээс ундран гарах ерөөлийн эх булгыг хэн ч, хэзээ ч олж чадахгүй.

Хайрын эсрэг байдал нь: үзэн ядалт, үл итгэлцэл, хувиа хичээсэн явдал, хүчэрхийлэл бас дайн байлдаан юм. Өнөөгийн дэлхийд зонхилж буй гол асуудлууд болон нөхцөл байдлуудыг бид анхааралтай хараад үзье. Үүнээс харахад олон, олон гэр бүлүүдэд хайрын хэрэгцээ яахын аргагүй маш их хэрэгтэй байгааг ойлгох болно.

Харин таны тухайд асууя! Та хайрлуулж байдгаа мэдэрдэг үү? Таны зүрх сэтгэлд  хайр дутагдаж буй мэдрэмж, халуун дулаан байдал үгүйлэгдэж хэзээ ч үл холдох сэтгэлийн өвдөлт, гансрал гутрал, мөн ганцаардлыг мэдэрдэг үү? Таныг хэн ч хэзээ ч жинхэнээсээ халамжилж анхаарал хандуулж байгаагүй хачирхалтай мэдрэмж үе үе орж ирдэг байсан уу? Таны эцэг эх бие биендээ хайргүй мөн үр хүүхдүүдээ чин сэтгэлээсээ хайрладаггүй тийм гэр бүлд өсөж торнисон уу?

Өнөөдөр “би эхэнд” гэсэн хандлагатай ноёрхол энэ дэлхийн хаана ч очсон газар сайгүй зонхилж байна. Цаашлаад энэ хандлагууд нь улам түгээмэл болж байна. Өөрийн сонирхолд хөтлөгдөн амин хувиа хичээсэн байдал нь зүрх сэтгэлд өвдөлтийн үр дагавар болж эхэлдэг. Өөрийн шунал хүслийг гүйцэлдүүлэх эхний алхам нь бусдын сэтгэлийг татахаар хайж байдаг дур булаам байдал, айлгүйтэл зэрэг нь амин хувиа хичээсэн хэрэг юм. Энэ нь бусад хүмүүст ихэнхдээ саад тотгор болдог бөгөөд тэд үүнийгээ хайр гэж үздэг. Үнэн хэрэгтээ энэ бол хайр биш юм. Энэхүү дур булаам байдлаа хайр хэмээн нэрлэгсэд нь зөвхөн өөрийн хувийн зугаа цэнгэлийг хайгч, амиа хичээх үзэл юм.

Эхийг дэлгэрэнгүй: Хайр - Өнөөдөр дэлхий дээрх хамгийн чухал хэрэгцээ

Хайр нь хэн нэгэний хувийн алдар нэр хүнд болоод тааламжит байдлыг хөхүүлэн дэмждэг хэрэгсэл бишээ. Бид өөрсдөө хайж авчирдаг амьдралын энэ зовлон бэрхшээлүүд нь Бурхан бидэнд хайргүйг харуулж байгаа хэрэг биш юм. Харин биднийг зохисгүй энэ байдлаас гаргаж авахын тулд Бурхан зарим үед бидний сайн сайхны төлөө бэрхшээлтэй нүүр тулгаран, түүнийг даван туулах бас туршлагатай, тэвчээртэй болгож суралцуулахаар зовлон бэрхшээлүүдийг хүлээн зөвшөөрдөг. Энэ бол Бурханы жинхэнэ хайрын илэрхийлэл бөгөөд биднийг хүмүүжүүлдэг арга барилынх нь нэг хэсэг юм. Эзэн бидэнд энэ тухай юу гэж айлдсан вэ? Еврэй 12:6,7-д хэлэхдээ “Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм. Тэрбээр хүлээн авсан хүү болгоноо ташуурддаг.  ...Бурхан хөвгүүддээ ханддаг шиг та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна?” гэжээ. Үүний адил, жинхэнэ хайраар хайрладаг эцэг эх, хүүхдийнхээ хүссэн бүхнийг өгөөд байдаггүй харин түүний оронд хүүхдийнхээ сайн сайхан, ашиг тусыг нь бодож тэрхүү хүслийг нь зогсоодог.

Хайр бол өөрийгөө золих явдал мөн. Жинхэнэ хайр нь бусдын төлөө үргэлж сайн сайхныг эрэлхийлэн хайж байдаг. Иохан 10: 15-д Есүс хэлэхдээ “Эцэг, Намайг мэддэг шиг түүнчлэн Би Эцэгийг мэддэг; бөгөөд мөн Би хоньдын төлөө Өөрийн амийг өгнө.” Хайр бол дулаан, өрөвч, бас эелдэг юм. Хэрэв бид үнэхээр хайрладаг бол бид ойр дотны хүмүүсийнхээ өнөө болон ирээдүйг анхааран халамжлах хэрэгтэй. Хайрладаг эр нөхөр буюу аав нь өөрийн эхнэр болон хүүхдүүддээ хайр, хүндэтгэлээ үзүүлэн харуулж байдаг. Тэрээр хайр дүүрэн бас энх тунх байх уур амьсгалыг гэр бүлийнхэндээ бүрдүүлж өгөхийн тулд тэдэнд баяр хөөрийг өгч, аюулгүй гэр орон мөн амар тайван байдлын гол багана нь болж өөрийгөө зориулан зольж байдаг. Чин зүрх сэтгэлээсээ хайрладаг эхнэр ба ээж нь өөрийн эр нөхрөө хүндэлж, хүүхдүүддээ эцэг эхээ мөн бие биеэ хайрлаж хүндэтгэх, үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх үйлст ухамсрыг суулгаж сургадаг. Тэрээр гэр бүлийн гишүүн бүрт найдвартай байдлыг баяр хөөртэйгөөр хангаж байдаг. Христ хайрын мөн чанарыг биелүүлэхын тулд Өөрөө хүсээгүй атлаа загалмай дээрх үхлээр дамжуулан үлгэр дууриалал болж хайрыг харуулсан билээ.

Хэрэв танд хайр хэрэгтэй байгааг мэдэрдэг бол -хэрэв таны зүрх сэтгэлд хоосон орон зай байгаа мэт бодол оршин байдаг бол -та жинхэнэ хайрыг олохоор тэмцэх хэрэгтэй. Та өөрийгөө Бурханд даатган өгвөл жинхэнэ хайрыг олох болно.

Бурхан таныг зөөлөн, өрөвдөн халамжил-сан, хязгааргүй хайраар хайрладаг. ТЭРБЭЭР таныг халамжилж, амьдралын бүхий л үеийн туршид зүрх сэтгэлийн тань зовлон шаналалыг хуваалцаж, танд туслахыг хүсдэг. Хэрэв та ганцаардлыг мэдэрч, хэн нэгэн халамж анхаарал тавихгүй байгаа мэт бодол эргэлдвэл амьд Бурхан болох аугаа  Нэгэн, Өөрийн Хүүг таны зүрх сэтгэлийн зовнил, шаналал мөн уй гашуунаас хуваалцаж, амраах найдварыг өгүүлэхээр илгээсэн гэдгийг мэдэх хэрэгтэй.

Хэрэв та Түүн рүү эргэвэл, таны хамгийн их ганцаардмал үеүдэд, мөн таны хамгийн урагшгүй өдрүүдэд ТЭРБЭЭР танд тав тух, хүч чадал болоод зүг чигийг өгөх болно.

Хэрэв та Бурханд хэрхэн хүрэх тухайгаа мэдэхгүй байгаа бол зөвхөн өөрийн зүрх сэтгэлээ Түүнд уудлан гаргаад залбирай, ТЭРБЭЭР таныг сонсох болно. Хэрэв та хэн нэгэнд, тэр ч байтугай Түүнд ч мөн адил итгэхэд хүнд байвал энэ байдлынхаа тухай  Бурханд хэлээрэй. Тэгээд Түүнээс цааш хэрхэх замаа асуугаарай.

Хэрэв та өөрийгөө уучлагдах боломжгүй, хайрыг олоход ч найдваргүй нүгэлт хүн  гэж үздэг бол, Бурхан руу хандан өөрийн бүх зүрх сэтгэлээ өргөн, өнгөрсөн болоод өнөөгийн хийсэн бүх гэм нүглээ уудлан гэмшээд орхиорой. ТЭРБЭЭР таныг Над руу бүх зүрх сэтгэлээрээ ирж, Намайг дагаж амьдраасай хэмээн хүсдэг Түүний үйлст дуулгавартай байх хүслээ та илэрхийлбэл, ТЭРБЭЭР танд хайртай тэнгэр дэх Аав тань болох болно. Ром 8:14,15-д хэлэхдээ “Учир нь Бурханы Сүнсээр удирдуулдаг бүхэн Бурханы хөвгүүд мөн. Яагаад гэвэл та нар дахин айдас дотор амьдрахын тулд боолчлолын сүнсийг хүлээн аваагүй, харин Түүнийг, “Аав, Эцэг” хэмээн дуудагдах үрчлэлийн Сүнсийг хүлээн авцгаасан.”

Та зөвхөн өөрөө өөрийгөө хайрлах гэсэн амин хувиа хичээсэн хүсэл зорилгоо  орхин, Бурханы хайрыг мэдэхээр шийдвэр гарган ирвэл та Түүнээс найдвартай байдлыг олно. Өөрийгөө найдвартай хайранд байгаагаа мэдсэн тэр үеэс та, чин сэтгэлээсээ бусдыг анхааран халамжилж эхэлнэ. Цаашид танд хүмүүсээс ирэх эмээдсийн хандлагыг тэгтлээ их хүндээр авч үзэх шаардлагагүй болдог. Бурхан таныг уучилж, таныг хүлээн авах үед та Түүний хайрыг мэдэрч, хэн ч, юу ч Түүнээс үл авч, үл холдуулж чадах тийм харилцааг та Түүнтэй байгуулна.

Түүгээр ч барахгүй та бусад хүмүүсийн хэрэгцээний төлөө санаа тавих хэрэгтэйг ойлгож, мөн танд хайртай Бурханд үйлчлэх хичээнгүй хүсэлтэй болно. Таныг өөртөө анхаарал татах гэсэн дур хүсэл өөрийн тань хичээл зүтгэлээр холдох үед, Бурхан таныг ивээн ерөөж бас үнэний олон замыг таны оюун ухаанд нээж өгөх болно. Ариун Библийн 1 Коринт номын 13-р бүлгийн сургаал танд үүнийг ойлгоход тусална.

Энэ гайхамшигт харилцааг зөвхөн хүмүүс бидний талаас нураах аюул бий. Та  Түүнээс нүүр буруулан, өөр бурхад руу, өөр зам руу, бас бузар муу хүсэл болгоноо үйлдэж эргэх аваас та Бурханы хайраас холдон холдсоор одох болно. Танаас хичээнгүйлэн гуйя, Есүс Христээс нүүр буруулах алхмаа урьтал бүү болгоорой.

Бурханы гэр бүл гэж нэгдмэл хүмүүс энэ дэлхий дээр бас бий. ТЭРБЭЭР таныг, Түүнд үйлчилж, Түүний хүслийг биелүүлдэг хүмүүсээс бүрдсэн Өөрийн гэр бүл рүүгээ таныг аваачна. Энэ бол Түүний Цуглаан юм.

Есүс, “Хэрэв та нар бие биеэ хайрлавал, үүгээр бүх хүн та нарыг Миний дагалдагчид гэдгийг мэдэх болно” хэмээн хэлсэн юм. (Иохан 13:35) Энэ бол халамж анхаарал тавьдаг, хуваалцдаг, бас засч залруулдаг жинхэнэ бодит хайр билээ.

Хэрвээ та хайрын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Иоханы Сайн Мэдээ номыг уншаарай. Есүс, Өөрийгөө зольж биднийг аврах авралын тухай зөнчийн хэлсэн үгсийг Исаиа 53-р бүлгээс уншаарай. Амлалтууд нь Дуулал 18, 23, 91-р бүлэгт байдгаас гадна  Дуулал 23-р бүлэг, 1 Коринт 13-р бүлгүүдийг уншиж, цаашид Библиэр аялах аялалаа Бурханаар хөтлүүлэхийг зөвшөөрөөрэй.

Ганцаардмал болон уйтгар гунигтай байдалд тань төгсгөл гэж бий. Өөрийн амьдралаа Бурханаар удирдуулаарай. Энэ нь ямар ч хүн Бурханы хайрыг хүлээн авч болох хамгийн агуу ивээл ерөөлүүдийн нэг юм. Бурхан таныг ивээх болтугай.

Хэрвээ Бурханы талаарх эрэл хайгуулд тань илүү тусламж хэрэгтэй бол энэхүү номын арын хуудсанд байгаа хаягаар бидэнд захиа бичээрэй.

1 Коринт 13:1-8, 13 “Хэрэв би тэнгэрэлчүүдийн болон хүмүүсийн  хэлүүдээр ярьсан ч харин надад хайр байхгүй л бол би жингэнэх зоос эсвэл цангинах цан болох байсан. Хэрэв би эш үзүүлэх авъяастай болон бүх нууцуудыг мэддэг, бүх талын мэдлэгтэй бөгөөд бүхий л итгэлээрээ уулыг нүүлгэж чаддаг байсан ч харин надад хайр байхгүй л бол би юу ч биш. Мөн хэрэв би, өөрийн бүх хөрөнгөө хуваан өгч, өөрийн биеийг шатаахаар тушаасан ч, харин хайр байхгүй л бол энэ нь надад ямар ч ашиг байхгүй.

Хайр нь тэвчээртэй, энэрдэг; хайр нь атаархдаггүй, хайр нь хэт өргөмжилдөггүй, бардамнадаггүй, зоргоороо авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, цухалддаггүй, мууг сэтгэдэггүй, бурууг сайшаадаггүй, харин үнэнд баярладаг; бүгдийг хучдаг, бүгдэд итгэдэг, бүгдээр найддаг, бүгдийг тэсвэрлэдэг.

Мөн эш үзүүллэгүүд зогсож, хэлүүд чимээгүй болж, мэдлэгүүд устсан ч хайр хэзээ ч зогсохгүй.”

“Харин өнөө үед итгэл, найдвар, хайр гурав байдаг ч эдгээрээс хамгийн агуу нь хайр билээ.”

Бидэнтэй Холбогдох

Товхимолыг Захиалах